Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Солонгос Монголын харилцаа

Posted by sorkhug on Нэг дүгээр сар 27, 2010

 

                                                              Солонгос Монголын харилцаа

БНСУ-ын хувьд Монгол Улс , Мөн Монгол Улсын хувьд БНСУ,  Хоёр орны урт удаан түүхэн харилцааг эргээд харахад хоёр талт харилцаанаас гадна бүс нутгийн Хятад, Япон зэрэг Зүүн Хойд Азийн эртний түүхэн харилцаа, тэдгээрийн хоорондын зөрчлийг судлах шаардлагатай. МЭ 400 онд Нирун, Гугүрё улсууд анх дипломат харилцаа тогтоосныг манай хоёр улс албан ёсоор харилцаа тогтоосон түүхийн эхлэл гэж үздэг.

479 онд хоёр улс цэргийн хамтын ажиллагаа /нэгдэл/ байгуулснаас хойш монголчууд Гугүрё буюу түүнээс хойшхи Гурё, Жусон улсыг Солонгос буюу Солонгын улс хэмээн дуудаж ирсэн гэсэн яриа бий. Чингис хааны Их Монголын хаант гүрний үед болон Юань гүрний үеийн 1231 онд Монгол Гурёг довтолж гучин жил дайтсаны дүнд дагавар улс болгосон ба Япон руу довтлох үеэр солонгосчуудыг монгол цэрэгтэй нэгтгэснийг эс тооцвол зуу гаруй жил энх амгалан харилцаатай байж олон улсын худалдаа идэвхтэй явагдаж байжээ. Хоёр улсаас хоёр орны ард иргэд хоорондоо гэр бүл болохыг урамшуулж, Гурё улсаас Юань руу эмэгтэйчүүдийг олноор албан ёсоор илгээж байсан ба Юань гүрнээс мөн хорин мянган эмэгтэй Гурё руу цагаачласан гэсэн онол хүртэл байдаг. 13-р зуунаас хойш үеийн Гурё, Жусоны гэрлэх заншилд Монголын нөлөө ихээр үлдсэн байдаг ба өнөөгийн солонгосын уламжлалт соёл болж тогтсон байна. Үүнчлэн хоёр улсын улс төр, эдийн засгийн харилцаа цаг үеэ дагаад өөрчлөгдөж байсан хэдий ч соёлын харилцаа нь Солонгосын түүхэнд ялангуяа их шингэсэн байна гэж хэлж болно.
Хятадын Чин улсын үед залгаа оршиж эзэнт улс болон дагавар улсын харилцаатай байсан хоёр улс нь 20-р зууны өөрчлөлтийн үеэр Солонгос хоёр хуваагдаж, Монгол Улс социалист тогтолцоог өөрчлөн 1990 онд дипломат харилцаагаа сэргээсэн юм. Түүнээс хойшхи хоёр улсын эдийн засаг, соёлын харилцаа Юань-Гурё улсын үеийн харилцааг тонгоруулж тавьсан дүр төрхийг харуулж байна. Монголд Солонгосын нөлөө эдийн засаг, соёлын харилцаа солилцоо, бизнес, хөдөлмөрийн цагаачлал зэрэг дээр тод харагдаж байна. Хэдийгээр тийм боловч хоёр улс эрх тэгш хамтрагчийн байр суурьнаас харилцаа, хамтын ажиллагааг явуулж хоёр талт улс төр, эдийн засаг, соёлын харилцааг хэрэгжүүлэхийн тулд илүү холыг харсан харилцаа солилцоо явуулах шаардлагатай гэсэн дуу хоолой хоёр талаас сонсогдож байна.

Солонгос Монголын Засгийн газрын хоорондын харилцаа солилцоо, хамтын ажиллагааны хөгжил

Монгол Улс нь 1990 оноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж орсноор гадаад харилцаагаа нээлттэй болгосноос хойш анхны дипломат харилцааг БНСУ-тай тогтоосон билээ.
БНСУ нь 1960-аад он хүртэл ядуу улс байсан хэдий ч хорин жилийн дараа буюу 1988 онд Олимпийн тоглолт зохион байгуулснаар хөгжиж буй орны тоонд багтан орж чадсан зах зээлийн эдийн засгийн туршлагаас нь суралцая гэсэн бодол ард нь байжээ. БНСУ-ын Засгийн газраас мөн 1980-аад оны сүүлээс ‘хойд хөршийн бодлого’ хэрэгжүүлж Зүүн Европ, ЗХУ, Хятад зэрэг социалист бүсийн улсуудтай харилцаагаа хэвийн болгох тал дээр ажилласан ба ийнхүү хоёр талын бодлого тохирсны дүнд 1990 оны 3-р сард албан ёсоор дипломат харилцаа тогтоож 1991 оны 3-р сард ‘Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын баталгаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи болон соёлын хамтын ажиллагааны гэрээ’ байгуулжээ. Түүнээс хойш хоёр улсын төрийн тэргүүн нар, Засгийн газрын төлөөлөгчид болон эдийн засаг, бизнесийн төлөөлөгчдийн харилцан айлчлал тогтмол явагдсан билээ. 1990-ээд оны дундуур UNDP (НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр)-гээс хэрэгжүүлсэн Хойд Солонгос, Хятад, Орос гурван улсын хил орчмоор урсдах Түмэн голын хөгжлийн хөтөлбөрт Солонгос, Монгол нь гишүүн улсын хувьд хамтран оролцож олон талт хамтын ажиллагаанд суурилсан Зүүн Хойд Азийн бүс нутгийг хөгжүүлэх суурь тавигдаж байсан билээ. 1990-ээд оны сүүлчээр Монгол Улс эдийн засгийн бүтэцдээ өөрчлөлт оруулж, БНСУ санхүүгийн хямралд өртсөн хэдий ч Зүүн Азийн дотоод хамтын ажиллагааны ач холбогдлыг хоёр улс ойлгож 1999 онд ‘Харилцан нөхсөн хамтын ажиллагаа бүхий харилцаа’ явуулах тал дээр зөвшилцөж эрчим хүч, газрын баялагийг хамтран боловсруулах тухай гэрээ байгуулав. 2000 оноос хойш Монгол Улс нь эдийн засгийн өндөр хөгжлийн замд орж, БНСУ ч мөн эдийн засгаа амжилттай сэргээснээр хоёр орны хамтын ажиллагаа нь эдийн засгийн салбарт төвлөрч идэвхжсэн байна. 2006 онд БНСУ-ын Ерөнхийлөгчийн хоёр дахь удаагийн айлчлалын үеэр хоёр орны харилцааг ‘сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааны түншлэл’-ийн зарчмаар хөгжүүлэхээр тохирсон ба энэ нь Монгол Солонгосын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлсэн хүчин зүйл болжээ. 2008 оны 2-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Энхбаяр БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён-багийн тангараг өргөх ёслолд оролцсон ба 2009 оны 10-р сард Ерөнхий сайд С.Баяр БНСУ-д айлчилж БНСУ-аас үзүүлэх дэмжлэг, компаний хөрөнгө оруулалтын талаар санал солилцсон билээ.
Дипломат харилцаа тогтоосноос хойш арван есөн жилийн турш БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламж болон EDCF зээл олгож ирсэн билээ. 1991 оноос 2007 он хүртэл нийт 73 удаа 26.9 сая ам. долларын буцалтгүй тусламжийг боловсрол, эрүүл мэнд, төрийн удирдлага, орон нутгийн хөгжил, мэдээлэл харилцаа холбоо, аж үйлдвэрлэл, эрчим хүч, байгаль орчин, түргэн тусламжийн зэрэг салбарт үзүүлжээ.
Хэдийгээр тийм боловч БНСУ-аас үзүүлж буй буцалтгүй тусламжийг КОЙКА Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, гуч гаруй төрийн байгууллага болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд параллель маягаар хэрэгжүүлж байгаа ба үүнийг нэгтгэж үр ашигтай удирдаж байгаа эсэх болон үр өгөөжтэй байгаа эсэх нь эргэлзээтэй байна.
БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсад 2007 он хүртэл тариурын үйлдвэр, цахилгаан станц, хурдны зам, харилцаа холбоо гэсэн нийт найман төсөлд 83.87 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл (EDCF) олгосон байна. Энэ дүн нь Солонгосын хөгжиж буй орнуудад үзүүлдэг зээлийн 2.7 хувьтай тэнцэж байна. Хөрөнгийн чадвартай гээд тусламж амжилттай байдаггүйг Солонгосын Засгийн газар туршлагаараа мэдэж ирсэн ба энэ үүднээс БНСУ нь хөгжингүй улсын туршлагаас нухацтай суралцах шаардлагатай байна. 2008 оны сүүлийн хагаст Дэлхийн эдийн засгийн хямрал гарч Солонгосын Засгийн газраас гадаадад үзүүлэх тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх боломж бага байна. Мөн хяналтаа ч сайжруулах боломж бага байгаа тул санаа зовох зүйл их байна.

Монгол Солонгосын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн явц

Монгол Солонгосын хооронд худалдаа 1980-аад оны сүүлийн хагаст бага багаар явагдаж эхэлсэн ба 1989 оноос идэвхжиж ирсэн билээ. 1990 онд дипломат харилцаа тогтоон 1991 онд Худалдааны гэрээ байгуулах зэргээр хууль, тогтолцоо бүрдэж эхлэснээр худалдаа эрс нэмэгдэн 2008 онд худалдааны хэмжээ 270 сая ам. долларт хүрчээ.
2006 оноос Солонгос, Японы Монгол Улстай хийх худалдаа эрчимтэй нэмэгдсэн нь Монголын эдийн засгийн хурдацтай өсөлтийг дагаад орлого нэмэгдсэнтэй холбоотой ба ялангуяа суудлын болон ачааны тэрэг гэх мэт тээврийн хэрэгсэл, барилгын тоног төхөөрөмж, цахилгаан бараа, газрын тосны болон химийн бүтээгдэхүүний импорт нэмэгдсэнтэй холбоотой юм. Солонгос, Япон улсын аль аль нь Монголтой ашигтай худалдаа эрхлэж байна. Албан ёсны тоон мэдээнд ороогүй худалдааг тооцвол Монгол, Солонгосын худалдааны эргэлт 2008 онд 300 сая ам. доллараас дээш байна гэж үзэж болно.
Солонгосоос Монголд экспортлож буй гол нэрийн бараа нь суудлын тэрэг, барилгын тоног төхөөрөмж, газрын тосны бүтээгдэхүүн, шар айраг, гоо сайхны бараа, тамхи бөгөөд эдгээр нь Монголын эдийн засгийн байдлаас хамааралтай бүтээгдэхүүн юм. Шар айргийн хувьд Касс шар айргийг 2000 оноос Монголд их хэмжээгээр оруулсан ба 2003 онд Монголын зах зээлийг хамгийн их эзэлж чадсан хэдий ч Монголын Засгийн газраас үндэсний бүтээгдэхүүнээ хамгаалах зорилгоор импортын татварыг нэмэгдүүлсэн ба 2004 оноос хойш солонгос шар айрагны импорт буурсан агаад сүүлд үндэсний шар айрагны чанарыг дээшлүүлж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор импортын татварыг буулгасан ба 2008 онд солонгос шар айрагны импорт дахин нэмэгджээ. Шар айраг, гоо сайхны бараа, тамхи гэх мэт солонгос өдөр тутмын хэрэглээний бараа нь япон бараанаас үний хувьд, хятад бараанаас чанарын хувьд илүү өрсөлдөх чадвартай байдаг ба эдийн засгийн өсөлтийг дагаад Монголын дундаж орлоготой иргэд олширон солонгос барааны гол худалдан авагч болоод байна.
Монголоос Солонгос руу голдуу металл бус ашигт малтмал, зэсийн бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн импортлодог ба 2008 онд энэ тоо нь 31 сая ам. долларт хүрсэн байна.
Монгол Солонгосын хоорондын эдийн засгийн харилцааг дунд болон урт хугацаанд авч үзэхэд Монгол Улс нь байгалийн баялагаараа хүчирхэг улс болох магадлалтай байна. Монгол Улс нь 2007 онд 2021 он хүртэлх Үндэсний хөгжлийн стратегийг боловсруулсан ба цаашид арван таван жилд нэг жилийн эдийн засгийн өсөлтийг 15 хувь болгосноор 2021 онд нэг хүнд ноогдох ДНБ-ийг 15 мянган ам. долларт хүргэх “15-15-15 стратегийг ” нийтэд зарласан билээ. Үүний тулд Монгол Улс нь Хятад, Оросын дараа худалдаа, хөрөнгө оруулалтаараа гуравт ордог БНСУ-тай уул уурхай, барилга, тээвэр, эрчим хүч гэх мэт салбарт эдийн засгийн хамтын ажиллагаа байгуулах тал дээр идэвхтэй ажиллаж байна.

Монгол Солонгосын нийгэм, соёлын солилцооны явц

1994 оны 3-р сард Солонгост Солонгос Монголын харилцааны холбоо байгуулагдаж монгол оюутнуудыг Солонгост сургах, Монголд солонгос хэлний сургалтыг дэмжих суурь тавигдсан юм. Мөн эрүүл мэндийн салбарт солонгос эмч нар Монголд сайн дурын эмчилгээ идэвхтэй хийх болсон ба 1994 онд Ёнсэй Северанс эмнэлгээс Улаанбаатар хотод Ёнсэй Найрамдал эмнэлгийг байгуулсан байна. 2004 оноос эхлэж Улаанбаатар хотоос Улаанбаатар дээд сургуультай хамтран зохион байгуулдаг Солонгос хэлний баяраар солонгос хэлний ярианы тэмцээн, солонгос дууны тэмцээн, компьюторын тэмцээнүүдэд хэдэн мянган хүн оролцжээ. Монголд солонгос хэл сурах оюутны тоо нэмэгдэж 2007 онд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд 14,595 хүн хамрадсанаас 13,457 нь шалгалтанд тэнцсэн байна. Улаанбаатар хотод Сөүлийн гудамж, Сөүл хотод Монгол таун бий болж соёлын харилцаа явагдаж байна.
Гэсэн хэдий ч өөрийгөө хамгаалсан соёл хүчтэй суурьшсан Солонгосын нийгэмд Монголын талаарх ойлголт харилцан тэнцвэртэй байж чадахгүй байгаа ба нэг чигт үзэл хүчтэй мэдрэгддэг билээ. Өнөөгийн БНСУ-ын гол ажил даалгавар нь Солонгосын нийгмийн соёлыг төрөлжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа цагаач ажилчдын хууль тогтолцооны болон нийгмийн асуудлыг шийдэж өгөх явдал юм. БНСУ нь гадаадад очиж мөнгө олдог улсаар биш, гадаад иргэдийг хүлээж авч хамтран амьдардаг нийгэмтэй болж хөгжсөн үед Монгол Солонгос нь жинхэнэ утгаараа нөхөрсөг харилцаатай улс болно.

Дүгнэлт

Монгол Солонгосын харилцааг эдийн засгийн хувьд авч үзэхэд 2009 онд хоёр улс салаа зам дээр зогсож байна. Солонгосын хойгт Өмнөд, Умард Солонгосын харилцаа муудаж маргаан үүсч болзошгүй байна. Ийм үед Монгол Солонгосын найрамдалт улс төрийн харилцаа нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох гэх мэт асуудлыг шийдвэрлэхэд тулгуур болно гэж бодож байна.
Одоогоор БНСУ ч, Монгол Улс ч тэсвэр хатуужилтайгаар эдийн засгийн хямралыг даван туулах хэрэгтэй юм. Хойт зүгийн ширүүн салхи шуургыг тэсвэрлэж ирсэн нэгэн өвөг дээдэстэй гэдэгт түшиглэхээс гадна Хятад, Япон зэрэг улсуудыг ч мөн оролцуулж Зүүн Хойт Азийн эдийн засгийн нийгэмлэг гэсэн байр суурьнаас хамтран аж төрөх арга зүйг бодож олох үе нэгэнт ирээд байна.

2009 by Mongolian Embassy in Seoul

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: