Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Бурханы хүч чадал ба Монгол үндэстний хувь тавилан

Posted by sorkhug on Дөрөвдүгээр сар 6, 2010

                                  Бурханы хүч чадал ба Монгол үндэстний хувь тавилан

         Исаиа 40:10 “Үзэгтүн, Эзэн Бурхан хүч чадалтайгаар ирж, мутраараа Өөрийнхөө төлөө захирна. Үзэгтүн, шагнал нь Түүнтэй хамт, хариу нь Түүний өмнө байна”.                                      

Бүх хүмүүст Бурхан оршин байдаг бөгөөд бид Түүний бүтээл, Тэр бидний бүтээгч гэсэн дотоод мэдрэмж байдаг. Паул, харь үндэстний итгэдэггүй хүмүүс хүртэл Бурханыг мэддэгч боловч Түүнийг Бурхан гэж хүндэтгээгүй, Түүнд талархал өргөөгүй гэж бичсэн байдаг (Ром 1:21). 

Зарим хүмүүс дотоод мэдрэмжээ үгүйсгэж Бурхан оршин тогтнодгийг үгүйсгэдэг. Христитгэлт хүмүүсийн амьдралд Бурхан оршин байдаг хэмээх энэхүүү дотоод мэдрэмж улам хүчтэй, тодорхой байдаг. Бид: – Бурхан бол Тэнгэр дэх бидний Эцэг, – Ариун Сүнс бидний сүнстэй хамт, биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг гэрчилдэг, мөн – Есүс Христ бидний зүрхэнд амьдрадаг гэдгийг ойлгодог.

         Бурхан та нар Намайг хэнтэй адилтгаж, хэнтэй тэнцүүлэх вэ? Хэн усыг гарынхаа алганд хэмжиж, тэнгэрийг төөлсөн бэ?  Хэн газрын тоосыг хэмжүүрээр тоолж, уулсыг жинлүүрээр жинлэн, толгодыг хос дэнсээр дэнсэлсэн бэ? Хэн Эзэний Сүнсийг удирдан, эсвэл Түүнйи зөвлөх нь болж, Түүнийг сургасан бэ? хэмээсэн. Исаиа 40:25, 12-14.

            Итгэгч бид Эзэн Бурхантай, сүнс, бодол санаа, залбирлаараа байнга холбоотой байдаг. Харин Тэр бидэнд Өөрийнхөө Үгийг шууд, эш үзүүлэгч, элч нар, Есүсээр (Есүсийн хэлсэн бүхэн нь Бурханы үг, учир нь Тэр бол угтаа Бурхан юм), Библи, пасторуудаар дамжуулж өгч байдаг.

Бурханы үг нь зүгээр л нэг идэвхгүй үг биш, харин энэ нь амьд, эрч хүчтэй, ихийг гүйцэлдүүлдэг. Еврей 4:12 “…Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй, ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм” гэж хэлсэн байдаг. Бурханы үг: – бүтээгч, – бүтээлүүдийг тогтоох барих хүчтэй, –  шинэ амийг өгөх хүчтэй, -Нигүүлсэл, Хүч чадал, Илчлэлтийг авчрах, – биднийг шүүх хүчтэй, – бидний Сатан муу ёрын сүнстэй тэмцэх “Сэлэм” болж байдаг.

 Иймээс бид Бурханы үгийг – чих тавин сонсож, ойлгохыг эрмэлзэж, – магтан хайрлаж, үүнийхээ төлөө баярлан баясаж, Бурханы үгийг хүлээн авч, зүрхэндээ хадгалж, – итгэж, түүний доторх амлалтуудыг хүлээн авах ёстой. – Бурханы үгийн тушаалуудыг дуулгавартай дагах, үүний дагуу амьдрах, – мөн итгэмжтэйгээр тунхаглах ёстой. Бүх итгэгчид Бурханы үгийг тунхаглахаар дуудагдсан, та ч гэсэн Бурханы Үгийг тунхаглахаар дуудагдсан.

Бурхан бол агуу хүч чадалтай.

         Тэр нарыг хүртэл зогсоох хүч чадалтай. Үүнийг хүн төрөлхтөн цахим тооцоолох машинаар нотолсон. Мерилэнд мужийн Балтимор хотод байдаг Котис техиникийн компани захирал, сансар судлалын төслийн зөвлөх Херолд Хил (Herold Hell) ийнхүү өгүүлсэн юм. Сансар судлалын эрдэмтдэд, Бурхан гайхалтай үнэнийг мэдүүлж өгсөн. Хиймэл дагуулыг хөөргөхөд нар сарны тойрог замыг нарийн мэдэхгүйгээр хөөргөж болохгүй. Нарны аймгийн 9 гаригийн тойрог замыг судалж байх явцад гэнэт техник түр зогсож, улаан гэрэл асаж, инженер техникчид түгшлээ. Учир нь улаан гэрэл цахим тооцооны машинд оруулсан мэдээлэл буруу эсвэл техникт эвдрэл гарах үед  асах байв. Шалгалтаар техникт эвдрэл гараагүй. Эрдэмтдийн судалгаагаар Тойрог замын хөдөлгөөнд 1 хоног цох дутаж байв. Эрдэмтэд толгойгоо ажиллуулаад мэдэх арга огт байсангүй. Гэтэл хэд хоногийн дараа цуглаанд явдаг байсан залуу босоод “Нөхөд минь би багадаа цуглаанд явдаг байхдаа 1 түүх сонссон юм. Дээр цагт Иошуагийн үед нар 1 хоногийн турш түр зогссон гэнэлээ” гэж хэлсэн билээ. Эхэндээ бүгд шоолж инээгээд өнгөрөв. Гэвч өөр арга зам байсангүй. Нэгэн туршлагатай эрдэмтэн “За бид ямар энэ чигээрээ ингээд суугаад байлтай биш, библи авчраад нарийн судалж, тэр цаг үеийн тойрог замыг цахим тооцооны машинаар судалж үзэцгээе” гэжээ. Ингээд Иошуа 10-р бүлгийн 12-14 ишлэлээс “Ийнхүү нар тэнгэрийн голд тогтож, бүтэн өдрийн турш огт хэвийсэнгүй” гэдгийг олж уншсан юм. Иошуагаар толгойлуулсан Израильчуудын Аморчуудтай хийх тулаан ширүүн байсан бөгөөд харанхуй болбол Израильчуудад аюултай байсан учир Иошуа Бурханд хандан Израильчуудын өмнө залбиран “Өө нар минь, Гебеоныг гийгүүлж, өө сар минь, Аиалоны хөндий дээр тогтооч” гэж хашгирчээ. Гайхалтай нь үнэхээр залбирлаар нь нар сар байрандаа зогсож, бараг нэг хоног хөдлөөгүй байна. Мөн Эзэн хүний дууг сонссон өдөр үүний урьд ч үүнээс ч хойш байсангүй.

         Эрдэмтэд Иошуагийн үеийн тойрог замыг судалсны үр дүнд 23 цаг 20 минутын турш тойрог зам зогссоныг мэдсэн. Библи бүтэн өдрийн турш гэсэн болохоор 23цаг 20 минут гэдэг тодорхой тооцоо боловч 40 минут дутаж байв. Тэр үед нөгөө залуу дахин “Миний санаж байгаагаар библийн хаана ч билээ нар арагшаа ухарсан гэж байдаг” хэмээжээ. Сансар судлаачид шууд Библи барьж уншаад Хаадын дэд 20:8-10 ишлэлээс Хезекиа хааны тухай уншиж, тэд нарны сүүдэр 10 алхам ухарсан гэж тэмдэглэсэн байсан бөгөөд 10 алхам цагаар тооцвол 40 минут болж байлаа. Ингэж алдагдсан 24 цагийн ул мөрийг эрдэмтэд олж, энэ үйл явдлаар Бурхан, Өөрийгөө илчилсэн, Библийг үлгэр домог мэт үздэг эрдэмтдэд Өөрийнхөө хүч чадлыг гэрчилэн харуулсан юм. Библи нь шинжлэх ухааны мэргэжлийн ном биш атлаа олон шинжлэх ухааны баримтуудыг агуулсан байдаг.

         Бурханы хүч чадал Агуу билээ. Хүмүүн бид Түүний хийдэг зүйлийг хийж чадахгүй. Бидний хүч чадал хязгаарлагдмал. Тийм ээ, бид намхан гэж зовоод өөрийгөө өндөр болгож чадах уу? Үс маань царайд байна гээд хар болгож чадах уу?  Үгүй.

Бурханы Үг “Мөнхөд” оршдог.

         Өвс хатаж, цэцэг гандана. Харин бидний Бурханы үг мөнхөд тогтоно. Исаиа 40:8. Бүтээлүүд цаг зуурын настай, хэврэг сул дорой, харин Бурханы үг Мөнхөд оршдог, энэ нь Түүний амлалтууд гарцаагүй, Авралын үнэн хувиршгүй гэдгийг хэлж байгаа юмаа.  

         Хятадын Христитгэлт өвөг дээдсийн итгэл олон зуун жилийн турш өв дамжин хадгалагдан ирсэн. Хятадад, итгэгч хүмүүсээ шахаж, хавчин дарж байсан, тэд газар дорх цуглаан, гэрийн цуглаан хийж Эзэнийг магтаж, Үгийг хуваалцдаг байсан. Эх баригчид Христитгэлтэнгүүд байхгүй болсон гэж бодож байсан боловч, эсрэгээор улам олон болсон байсан. Дэлхий дээр хамгийн том сэргэлт ирж байгаа орон бол Хятад улс. 60 жилийн өмнө 1950 онд 3 сая Христчин байсан бол одоо 120 сая болтлоо өссөн. Хятадад Азийн Олимп болсон нь Бурхан, Хятадын итгэгч нарын төлөө дэлхийн Христчингүүдийг залбируулахын тулд явуулсан. Бурханы Үг ийнхүү олон зуун жилийг дамжин Мөнхөд өвлөгдөн ирдэг. Харин одоо Монгол улсад Эзэний цаг ирж, ургац хураах үе ирээд байна. Эзэн таны залбирлыг, үйчлэлийг хүлээж байгаа гэдгийг та санаарай.

Бурхан хаана оршин байдаг, биднээс Тэр юу хүсдэг вэ?

         Бурхан Христээр дамжуулан хүч чадлаа илэрхийлдэг.  “Эзэний алдар илэрхийлэгдэж, бүх махан бие хамтдаа үзнэ. Учир нь Эзэний ам айлдлаа”. Исаиа 40:5.

            Загалмайн үхлээр миний хуучин хүн үхэж, миний дотор Христ амьд байгаа. Хүнийг Бурханаас тусгаарлаж байсан сүмийн хөшиг, Христийг загалмай дээр нас барахад цууран урагдаж бид Бурханы оршихуйд орсон. Тэр одоо миний зүрх сэтгэлд оршин байна. 1Тимот 2:5” Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хооронд ганц зууч байна. Тэр нь хүн болох Христ Есүс билээ”.  Тийм ээ, Тэр бидний дотор, бидний Гэрт, бидний Чуулганд, Монгол Үндэстний дунд, бүх үндэстний дунд, Тэнгэр улсад байгаа. Бурханы Хаанчлал бидний дотроос эхэлдэг. Бурханы Хаанчлал бүрэн хэрэгжиж байдаг газар бол Тэнгэр улс бидний иргэншил бол Тэнгэр улс юм. Эзэн Бурхан Өөрийнхөө ард түмэнд залран ирэхэд -Аврал, -Ивээл, -Тайвшрал, -Хүч чадал, -Эрх мэдэл бүгд дагалдан ирдэг. Бид бүгдийг хүлээж авсан.

            Бурхан бидний дотор орших төдийгүй биднээс Түүнд хүсэх зүйлс байдаг. Тэр бидний өдөр тутмын амьдралтай холбоотойгоор  –Бурханы хүслийг олж мэдэх, – түүнийхээ дагуу шийдвэр гаргах, -Түүний хүсэл биелэгдэхийн төлөө залбирах, – сатан муу ёрын сүнстэй тэмцэхийг хүсдэг. -Үл итгэгч нарын буулганд орохгүй байхыг хүсдэг.

            Христитгэгч нарын дунд -бардамнал, -бялдуучлал, -атаархал, -хуваагдал, -шүүмжлэл түгэн дэлхийн сүнс чуулганд ноёлж байна. Нүгэл нь амьдралын дадал болж, Христийг бие биенээсээ олж харж чадахгүй байна. Энэ бол Сатан, муу сүнсний төлөвлөгөө. Эрүүл бус, худал хуурмаг доктрин, -хүйтэн харилцаа, -амьдралын ариун бус загвар, -дуулгаваргүй байдал, -тэрслүү удирдлага байна. Ийм үед Бурханы хүч, оршихуй одож, бүх юмс замхардаг. Энэ л үед Чуулганд, хувь хүнд Сэргэлт ирэх ёстой. Бурхан биднийг махан бие ба сүнсний хувьд эрүүл байхыг хүсдэг.

Бурхан Өөрийн үндэстнүүдээ хэрхэн дүгнэсэн нь.

Исаиа 40:15 “Үзэгтүн, үндэстнүүд бол хувин доторх дусал хийгээд дэнсэн дээрх тоосны ширхэг”

            Бурхан,  Өөрийгөө эсэргүүцэгч Үндэстнүүдийг эсэргүүцдэг, үгүй хийдэг. Энэ тухай Исаиагаар дамжуулж үндэстнүүдийн тухай эш үзүүлсэн. Вавилон, Ассир, Филист, Моаб, Египет, Иерусалим, Тир, Араб, Едомын эсрэг эш үзүүлсэн.

            Бурхан Вавилоныг Содом, Геморратай адилаар мөхөх болно гэж Исаиагаар дамжуулж хэлсэн. Вавилон нь хүн төрөлхтөний түүхэнд анхнаасаа Бурхан болоод Түүний хүмүүсийг эсэргүүцэгч (балар бүдүүлэг) дэлхийн шашин, соёл, улс төрийн төв байсан. Вавилоныг Иерусалимын эсрэг хандсан Бурханы уур хилэнгийн зэвсэг болгон ашигласан. Вавилончууд Иерусалимын оршин суугчдыг олзлон авч явсан. МЭӨ 518 онд Вавилон бүр мөсөн сүйрсэн. Вавилоны балгасууд одоо Ирак улсад байдаг. Вавилоны сүйрэл нь Бурханы дайснуудын сүйрлийн билэгдэл байсан.  

            Бурхан, Өөрийнх нь эсрэг байдаг үндэстнүүдийг тоос шороо мэт үздэг боловч, Түүний гэгдэх хэнийг ч болов хувьчлан анхааран, халамжилдаг. Эгэл жирийн итгэгч бидний аливаа асуудал, хэрэгцээ бэрхшээлийг авч хэлэлцэж, хайхарч хайралдаг.

Тэр хоньчин мэт сүргээ хариулж, хургануудаа цээжиндээ тэвэрдэг, хургатай хонийг алгуур хөтөлдөг. Исаиа 40:11.

            Тэгвэл Монгол үндэстэн ямар үндэстний тоонд орох вэ? Монголын хүн амын:  -3% Христитгэлт, -50 % будда, -5% лал, бөөгийн шашинтан, -40% шашингүй үзэлтэн. Өөрөөр хэлбэл 97 % нь Эзэн Бурхан оршин байдаг гэдгийг үгүйсгэдэг.

            Тийм ээ, Монгол үндэстэн бол Бурханы онцгойлон сонгогдсон үндэстэн. Өндөр гэгээн Занабазар 500 ноёдоо аваад Манж улсад дагаар ороход Монгол үндэстэн мөхөөгүй, тэр бол Бурханы хүсэл биш байсан, 1921 онд 500.000 мянган хүн амтай, яр шарх, тэмбүүндээ баригдсан Монгол улсыг, Орос, Хятад, Япон улсын хэн нь ч хялбархан эзлэн авах боломжтой байсан. Сталинд монгол үндэстэн биш бидний, дороо эд баялгаар дүүрэн газар нутаг шороо маань хэрэгтэй байсан. Энэ үед ч Бурхан Монгол үндэстэнг хайралсаар өдий хүрсэн. Учир нь  бидэнд, Монгол үндэстнийг хамгаалж залбирч байсан Христэч үр үндэс байсан. Их хаан Гүег, Хүлэгү хааны эхнэр Дохуз хатан, Чингэс хааны хүү Толуйн эхнэр Сорхугтаны Бэхи хатан Христитгэлт байсан. Тэд бол бүтээлийн онолын талынхан байсан.

            Христ Бурхан, Европ, Америк тивээс орж ирсэн шинэ шашин биш, Буддизмаас өмнө Монголд оршин байсан Мөнхийн Эцэг, Ертөнцийн Эзэн, Есүс Христ юм. Сайн Мэдээ Монголд анх барууны соёлоор биш, бидний өвөг дээдсээр, азийн хувирга, тахилч худалдаач нараар дамжин орж ирсэн. 7-р зууны үед Несторианчуудаар дамжин Христитгэл Монголд анх орж ирсэн. 16 –р зууны үед Католик, 19 –р зууны үед Протестант миссионерүүдээр, урт удаан үйл ажиллагааны үр дүнд дахин орж ирсэн.

Монгол үндэстний хувь тавилан юу вэ?

         Аливаа улс үндэстэн, хаан, эхэс дээдэс бүгд Бурханы мэдэлд байдаг. Эзэн, хүний зам өөрт нь байдаггүйг Би мэднэ. Өөрийн алхмаа чиглүүлэхээр алхдаг хүнд ч байдаггүйг Би мэднэ гэж Иеремиагаар дамжуулж хэлсэн байдаг. Монголчууд бидний хувь тавилан ч Түүний гарт байдаг.

            Монгол үндэстний хувь тавилан болбоос: -Бурхан Монгол үндэстнийг аваачихаар зорьсон газар,  – хийлгэхээр төлөвлөсөн төлөвлөгөө юм. Хэдийгээр бид төгс биш ч гэсэн алдаа хийх үедээ хувь тавилангаа үргэлжлүүлэн хайсаар байх ёстой.

            Хэрэв Монгол үндэстэн: бардам зан, эд баялаг, зугаа цэнгэл, ашиг хонжоо хөөвөл, биднийг үгүйрэл, хоосрол, гашуудал эзэмдэж, дайснууд нь хөгжин дэвжиж, бүх Сүр жавхлан салан одож, эвдрэл, сүйрэл, ичингүйрэл, бузар булай, уналт ирж, бидэнд тайвшруулагч Бурхан байхгүй болж, хувь тавилангаа алдаж, өөрсдийгөө хэн бэ гэдгээ ухаархаа больж, Алдар орхиж, Бурханы ерөөл алдуурна.

Шастирын дэд 7:14 “Миний нэрээр дуудагдсан, Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган залбирч, Миний нүүрийг эрэлхийлж, бузар муу замуудаасаа иргэх аваас Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ” гэж Бурхан хэлсэн.

Тийм ээ, амьдралын хүнд хэцүү байдал,  мөнгө, ашиг хонжооны төлөө зарим Монголчууд юу ч хийхээс буцахгүй байна. Одоогоор 6000 эмэгтэйчүүд биеэ үнэлэж байна. Үүний 91.9 % нь гэр бүлээ тэжээхийн тулд, 11% нь сургалтын төлбөрөө төлөхийн тулд биеэ үнэлэж байна. Эмийн үйлдвэр 34 байна, үүний 84% нь шаардлага хангахгүй, Оросоос орж ирж байгаа эмийн 64% нь хуурамч байна. Хуурамч эм худалдаж аваад эдгэрэл авч чадахгүй нас барж байгаа хүмүүсийг юу гэх вэ?

          Хар тамхитай тэмцэх Засгийн газрын хөтөлбөр хэрэгжиж байна. 12-18 насны 400 хүүхэд хар тамхи татаж байна. Өдөрт 1-2 хүүхэд хар тамхитай тэмцэх төвөөс зөвлөлгөө авч байна. Мөнгөтэй айлын хүүхдүүдийг уруу татаж байна. Мөнгө, ашиг хонжооны төлөө хүний бяцхан үрсийг хар тамхинд оруулж байгаа хүмүүсийг юу гэх вэ?  Тийм ээ, муу ёрын сүнс, чөтгөрүүд Монгол орныг ядуурал, мөнгөний шуналаар хүлэхийг хүсч байна. Муу сүнсний хүлээсийг таслах  ёстой. Ядуурлыг Монголоос хүлэн, үлдэн хөөх ёстой. Бид босох ёстой, Бурханлуугаа явах ёстой. Хэн нэгэн бидний зүрх сэтгэлийг бидний хүсээгүй газарлуу чирэн явах ёсгүй. Оюун санаагаа өөрчлөх цаг ирсэн байна. Аливаа уруу татлагыг ялах итгэлийг олж авцгаая.

         Монгол үндэстний хувь тавилан, бидний өвөг дээдэс, Монгол үндэстний тусгаар тогтнолын төлөө залбирч байсан шиг, одоо та бидний залбирал, чөлөөлөлтөөр шийдэгдэх цаг ирээд байна. Та хувь тавилангаа атгаараа. Чи доройг сонговол доройгоор амьдрана, агууг сонговол агуугаар амьдрах болно. Бурхан бидэнд: “ Та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн”. 1Петр 2:9. Бид бол сүнсний хувьд Абрахамын удам, дээдсийн үр удам, ялах хувь тавилантай. Бурханы Монголчуудад бэлдсэн тэр хувь тавиланг бид атгах ёстой.

         Миний ард түмэн тайвшрагтун, тайвшрагтун хэмээн та нарын Бурхан айлдаж байна. Исаиа 40:1.  Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй гэж үү? Мөнхийн Бурхан болох ЭЗЭН дэлхийн хязгаарыг Бүтээгч нь эцэж туйлддаггүй юм. Түүний ухаан хязгааргүй. Тэр ядарсанд тэн хээ өгч, чадал дутагдсанд нь хүч нэмдэг. Залуу хүн ч ядарч сульдан, идэр хөвгүүд  ч бүдэрдэг. Харин ЭЗЭНд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Тэд гүйхдээ үл ядран, ахдаа үл цуцна” гэж бидний итгэдэг ЭЗЭН Бурхан айлдсан”. Исаиа 40:28-31. Амен.

                                              Бичсэн доктор Пүрэвийн Уранбилэг.

                                                                  2010.03.28 Сөүл

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: