Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Эрүүл ахуй ба анагаах ухаан 4

Posted by sorkhug on October 13, 2010

                                                                Эрүүл ахуй ба анагаах ухаан 4

                                              Элэгний өвчин Монголчуудыг чимээгүй мэрэх нь

            Манай улсын 10 мянган хүн тутамд 2714 хүн нь элгээр өвчилж байна гэсэн судалгаа бий. Алтан амь авч одож буй энэхүү өвчлөл хүн амд чимээгүйхэн нүүрлэж байгааг статистик судалгаа харуулж байна.

            Таван хүн тутмын нэг нь элэгний вирустэй гарч буй нь манайд энэ өвчлөл өндөр байгааг нотолсоор байна. Элэгний “В”,” С” вирүс мэс засал, тариураар, “A” вирүс бохир гар буюу ариун цэвэр муу сахисанаас болдог.

            Дээхэн үед бол элэгний “В” вирүс тариур дахин ашигласнаас үүссэн гэдэг байлаа. Харин элэгний “С” вирүс бэлгийн замаар хүртэл дамжин халдварладгийг мэргэжилтнүүд сануулж буй ч энэ вирүс хурдацтайгаар тархсаар байна. Таван цулын эрхтнээс элэгний хорт хавдар тэргүулж байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

            Элэгний эмгэг үүсгэгч 9 төрлийн вирус байдгаас манай улсад тавыг нь тодорхойлдог аж. Үүнээс “В”, “С” вирүсийн маркерийг голчлон тодорхойлдог байна. Элэгний өвчлөл ихсэж буйн гол шалтгаан нь хорт зуршлаас болдог байна. Тухайлбал тамхи татдаг хүмүүсийн уушиг болон элэгний үйл ажиллагаанд өөрчлөлт ордог бол архи ихээр хэрэглэдэг хүний элэг нь архин дахь хатуулаг бодисыг задалж дийлдэггүй аж.

            Элэгний вирүсын гаралтай өвчлөлөөс гадна төрөлхийн эмгэгтэй хүүхдүүд төрж буй нь хамгийн эмгэнэлтэй явдал юм. Төрөлхийн гажигтай хүүхдэд хэдхэн долоон хоногийн дотор элэг солих шаардлагатай гэнэ. Тиймээс манай улсад элэг шилжүүлэн суулгах хэрэгцээ гарч ирж байна. Элэг шилжүүлэн суулгадгаараа Испани улс тэргүүлдэг ажээ. Энэ улс эрхтэн шилжүүлэн суулгадгаараа гаршсан төдийгүй бусад оронд жишиг болохуйцаар хөгжсөнөөрөө онцлогтой юм байна. Нөгөөтэйгүүр испаничууд өнөө маргаашаа хүлээсэн хүмүүсийн эд эрхтнийг нөгөөд нь донор болгон мэс ажилбар хийхийг төрийн бодлогоороо зохицуулдаг бөгөөд ийм золгүй үхэлд ойрхон найдваргүй хүмүүсийн ар гэрийнх нь 60 хувь нь донор болгохыг зөвшөөрдөг аж.

            Тухайлбал, тархинд цус харваад эдгэшгүйгээр тархины бүх хэсэг нь үхжсэн хэрэгцээгүй болсон хүмүүс донор болдог байх жишээтэй. Харин манай улсад энэ туршлагыг хэрэгжүүлэхэд хол байгааг мэргэжилтнүүд хэлж байсан.

            Шашин шүтлэгээс хамаараад талийгаачийн эд эрхтнийг бүрэн бүтнээр нь хөдөөлүүлэхийг Монголчууд чухалчилдаг байна. Уг нь бол өт хорхойны хоол болгож байхаар амиа алдахад хүрсэн хэн нэгэнд өгч тусалсанаараа маш том буян үйлдэх юм гэдгийг эмч нар ярьж байна.

            Европын улс орнуудад дөнгөж амь гарч буй цогцосноос эрхтэн авч нөгөөд суулгах ажилбарыг хийдэг бол Азийн улс орнуудад амьд донороос элэг шилжүүлж байна. Харин манай улсын хувьд 2007 онд ЭМШУИС-ийн Мэс заслын тэнхимийн багш нар, Улсын клиникийн төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах эмч нар, Хавдар судлалын мэс заслын эмч нар, Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн эмч гээд 20-иод хүний бүрэлдэхүүнтэй Элэг шилжүүлэн суулгах баг байгуулагджээ.

            Тус багийнхан өнгөрсөн жил ЭМШУИС-ийн туршилтын мэс заслын лаборторид 16 гахайнд элэг шилжүүлэн суулгажээ. Гахайны элэг шилжүүлэн суулгахдаа хүнтэй адил унтуулж зүрх судасны даралт хэмждэг аппаратууд залган зохиомол амьсгал хийх гээд Шинжлэх ухаан технологийн сангаас нэлээн хэдэн төгрөг гарсан хэмээн багийнхан ярьж байсан. Тэд гахайнуудын эд нийцлийг шалган тогтоох гээд маш их ажил өрнүүлжээ. Багийн эмч нар гахайнд энэ хагалгааг хийхийн тулд Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэнтэй хамтран ажиллаж байгаа ажээ.

            Үнэндээ Монголчуудыг чимээгүй мэрж буй энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хүмүүс алхам тутамдаа анхаарах хэрэгтэй. Элгээ сольдог дээр нь тултлаа явах уу, эсвэл хоёр сая хүнийг энэ өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх үү гэдэг асуудал гарч ирж байгаа. Наад зах нь иргэд элэгний В вирүсын эсрэг вакцин хийлгэх шаардлагатай аж. Эцэст нь хүргэн хавдар болтол нь явуулахгүй байхыг эмч нар зөвлөдөг ч бодит байдал дээр иргэд эрүүл мэнддээ төдийлөн анхаарахгүй. Дээр нь эмч нар дөнгөж өвчилж буй өвчтөнд үнэн сэтгэлээсээ зөвлөгөө өгөхгүй даамжруулдаг. Үнэхээр өвчиндөө шаналан очиж буй хүмүүсийг эмч гэсэн сэтгэлээр бус зоосны нүхээр хардаг болсныг олон хүн хэлдэг.

            Газар авч буй энэ аюулт өвчнөөс сэргийлэхийн тулд салбарын яам бодлогын хэмжээнд авч үзэхгүй бол жилд хүн амын 5,2 хувь нь /ХДХВ/ДОХ-оос дутахааргүй/ элэгний хорт хавдраар хорвоог орхисоор байх нь ээ.      http://mongoldoo.net

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: