Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Яагаад Есүс Христ энэ дэлхий дээр мэндэлсэн бэ?

Posted by sorkhug on Арван хоёрдугаар сар 10, 2010

                                                Яагаад Есүс Христ энэ дэлхий дээр мэндэлсэн бэ?

Иохан 3:16 “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин Мөнх амьтай болох болно.

     1. Анхны Христмас баяр.

            Лук 2:8-14 “…Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. Тэжээлийн тэвшинд байх даавуунд өлгийтэй нялх хүүхдийг та нар олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно.   …Гэнэт өнөөх тэнгэр элчийн хамт олон тооны тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан, Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв”.

            Хамгийн анхны Христмас баярын урьд өдөр дэлхийн хүмүүс юу ч анзааралгүй баяр хөөртэй байв. Харин Тэнгэр улсад тийм байсангүй. Тоолж баршгүй тэнгэр элч нар шинэ хүүхдийг төрөхөд өргөх магтаал, хүндэтгэлийг тэсэн ядан хүлээн байсан. Шинээр төрөх хүүхэд гэдэг, Бурханы хувьд Түүний цаашдын хүн төрөлхтөнд өгөх Авралын эхлэл байсан.

            Анхны Христмас баярын урьд өдөр Тэнгэр улсанд Хүү нь Эцэгдээ баяртай гэж хэлэх, салах ёс гүйцэтгэх өдөр байв. Есүс Христ Эцэг Бурхандаа хандан, Та шатаалт тахил болон өргөлүүдээр гэм нүглүүдийг утсгаж чадахгүй тул Би Таны хүслийг үйлдэхээр ирлээ. Дэлхий дээрх гэм нүглийн асуудлыг шийдэхээр Та Миний биеийг бэлдсэн. Би дэлхийрүү очиж бүгдийн төлөө биеэ өргөж, эцсийн өргөл болохоор явахад бэлэн боллоо.

            Учир нь энэ бүгд Таны хүсэл гэдэг нь Хуучин Гэрээнд бичигдсэн билээ хэмээгээд, салах ёс гүйцэтгэн одсон юм. Тэгээд 33 жилийн дараа Загалмай дээр цовдлогдож, эцэст нь  алдаршуулагдан, өргөмжлөгдөн, Тэнгэр улсад эргэн заларсан. Энэ бүх үйл авдлыг Христ дэлхий дээр ирэхээсээ өмнө Өөрөө мэдэж байсан.

            Мариягийн хэвлийд Ариун Сүнс 9 сарын турш Түүний биеийг бүрэлдүүлж бий болгосон. Энэ бие нь бусад биеүдтэй адилгүй, Гурвалаар оршигч Бурханы хоёр дахь бие байсан юм. Тиймээс бид  “Христмас баяр” –ын үед Христийг Бурхан байсан гэдгийг тунхаглаж,  Христийн төрөлтийг илүү утга учиртайгаар хүлээн зөвшөөрч, Христмас баярын үеэд босон зогсож хүндэтгэл үзүүлэх ёстой.  Жил бүрийн 12 –р сарын 25 бол Есүс Христийн энэ дэлхий дээр мэндэлсэн өдөр. Та энэ өдөр босон зогсож Түүнд бидний төлөө хийсэн бүх л зүйлүүдийн төлөө хүндэтгэл өргөөрэй!

     2. Тэр үеийн хүн төрөлхтөний байдал.

Ром 3:23 “Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй”.

            Орчлон ертөнцөд хамгийн аймшигтай, хамгийн их сүйтгэгч хүчин бол ГЭМ НҮГЭЛ юм. Бүх л зовлон зүдгүүрийн эх үүсвэр, уй гашуудал, харууслын үндэс, хүн бүрийн айдас цөхрөлийн үндэс нь Гэм гэдэг богинохон үгэнд агуулагдаж байсан.

            Эрт дээр үеэс хүмүүс Гэм хэмээх энэ өвчнөөс болж сохрон үүнээс гарах аргыг хайж, тэмтрэх болжээ. Хүнд өөрийг нь : -оюун санааны төөрөгдөл, – ёс суртахууны гажуудал, – зөв замд нь жолоодон оруулах, хүнийг (Сатан) Муу сүнсний шоронгоос гаргах, уг шоронгын хаалганы оньсыг нээж чадах хэн нэгэн хүн хэрэгтэй байсан. Эмтэрсэн зүрх, эвдэрсэн үзэл бодол сэтгэлтэй хүмүүс итгэл найдваргүй болчихоод аврал эрэн, чихээ дэлдийлгэн, нүдээ бүлтийлгэн, зогсож байсан. Энэ үед Сатан Эдэн цэцэрлэгт өөрийн аймшигт ялалтаараа бахархан бах таваа хангаж байлаа. Балар шугуйн эртний үеийн болхи бүдүүлэг хүмүүс Египет, Грек, Ромын агуу их соёл иргэншил хүртэл самуурсан хүмүүс бүгд л – би үүнээс хэрхэн гарах вэ, – яавал дээр болох вэ, – оюуны хомсдол, ёс суртахууны гажуудлаас хэрхэн гарах вэ, – бид яаж аврагдах вэ, – ямар нэг арга зам байгаа бол яаж олох вэ гэсэн асуултыг асуусаар байлаа.

            Энэ л үед Бурхан, Өөрийнхөө бүтээсэн хүмүүсийг аврахыг хүссэн юм. Тэр хүмүүсийг гэмийн хараалаас чөлөөлөхийг хүссэн юм. Бурхан Өөрөө ариун, шудрага Бурхан.  Бурхан хүмүүсийг анхнаасаа Түүний Үгийг сонсохгүй, Сатаны үгийг сонсвол “Хүн”  биеэрээ болон сүнсээрээ үхэх болно гэдгийг анхааруулж байсан.

            Гэвч хүн Бурханы Үгийг санаатайгаар дагаагүй учраас хүн үхэх ёстой болсон. Эхлэл 2:17 “ Харин сайн мууг таниулах модноос ямар ч жимс бүү авч ид. Хэрвээ чи түүнээс идвэл идсэн өдрөө үхэх болно”. Бурхан хүнийг анх мөнх байхаар бүтээсэн боловч хүн гэм хийсэн учир Бурханы бодол өөрчлөгдсөн.  Анхны хүн Адам- 930, Сэт -912, Ноа -940, Энох -365 насалсан.

 Эхлэл ном 6:3 –д “Миний Сүнс хүнтэй үүрд оршихгүй. Учир нь хүн бол махан бие, харин тэдний өдрүүд 120 жил” гэжээ. Дуулал 90:10 “ Бидний амьдралын өдөр хоногууд 70 жил юм. Эсвэл хэрэв хүч чадалтай бол 80 жил, Гэвч тэдгээрийн оргил үе нь зүдгүүр, уй гашууд өнгөрдөг. Учир нь удалгүй энэ нь өнгөрч бид нисэн оддог”.

            Адам Ева гэм хийж Бурханаас холдож, ямар ч тусламж ирэхгүйг мэдэж, итгэл найдвар гордлого тасарсан учир өөр арга зам бодож эхэлсэн. Ингээд хүн төрөлхтний зан чанар эрс өөрчлөгдсөн. Энэ бүгд нь Бурханыг эсэргүйцэснээр илэрсэн, бүр  Түүнийг үгүйсгэж эхэлсэн, гэм хэмээх өвчиндөө таг сохорсон.   

            Хүн гэм хийж, Бурхан хэлсэн үгэндээ сууж, шудрага хандан шийтэгсэн. Ингээд хүн биеэрээ болон сүнсээрээ үхсэн. Тэд Бурханаас тусгаарлагдсан, хүн зовлон эдлэх болсон.

            Олон зуун жил дамжсан хүмүүс Эдэн цэцэрлэгт эргэж очихоор оролдсон ч зорилгодоо хүрч чадаагүй. Олон арга замаар үзсэн ч бүтээгүй. Саран дээр очиж, сансар огторгуйг ч эзэмшиж, өндөр боловсрол олоод ч Бурхан дээр очиж чадаагүй.

            Гэмт хүмүүсийг цагаатган зөвтгөж, гэмийг нь бүр мөсөн зайлуулж урьд өмнө Эдэн цэцэрлэгт байсан шиг болгож  чадах, ямар ч гэмгүй хүн Бурханы өмнө сайн дураараа, хүн төрөлтхний өмнөөс амиа зориулах хэрэгтэй байлаа. Гэвч ийм хүн байхгүй учир Бурхан Өөрөө хийхээр шийдсэн. Тэр Есүс Христийг бэлдсэн.

            Ганц Есүс Христэд л хүнийг Бурхан дээр эргүүлэн авчрах хүч чадал, эрх мэдэл байсан. Тэр үхлийг хүртэл дуулгавартай хүлээж авах ёстой байсан, тэр гэмтэй тэмцэх ёстой байсан, Тэр Бурхан хүн төрөлтхтөний эвлэрүүлэх гүүр болох ёстой байсан. Тэр түүхийн хамгийн агуу зууч болох ёстой байсан. Энэ бүгдийг Тэр Өөрийн сайн дураар хийх ёстой байсан.

            Бурхан ертөнцийг бүтээхийн тулд зөвхөн Үг хэлсэн бол, хүмүүсийг аврахын тулд энэ дэлхий дээр “Хүн” төрөхөөр ирж, загалмай дээр “Үхэх” ёстой болсон.

            Есүст эхлэл гэж байхгүй, Түүнийг хэн ч бүтээгэйгүй, бүх юм Түүгээр бүтээгдсэн. Тоолж баршгүй одод, шатам халуун нар Түүгээр бүтээгдсэн. Түүний хурууны халуун үзүүр дээрээс дэлхий ертөнц бүтээгдсэн.

            Бидний баярлан тэмдэглэдэг Христмас баяр бол Түүний энэ дэлхий дээр мэндэлсэн өдөр болохоос Түүний эхлэл биш. Христ “ Би бол Альфа ба Омега, Эхэн ба Эцэс, Эхлэл ба Төгсгөл юм” гэж хэлсэн юм . Илчлэлт 22:13.

     3. Есүс Христийн төрөлт ба Тэр яагаад ирсэн бэ?

Библийн Матай (1,2), Лук (1:26-38) номонд Есүс Христийн төрөлт бол жирийн нэгэн төрөлт биш, Тэр бол Бурхан гэдгийг батлан бичсэн байдаг. Үүнд: 1. Тэнгэр элч Габриел Давидын удмын Иосеф гэдэг хүнтэй сүү тавьсан онгон бүсгүй Мариагийн гэрт ирж, чи Бурханы ивээлийг олсон, чам дээр Ариун Сүнс ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс чамаас төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж нэрлэгдэх болно гэж зөгнөсөн.  2. Есүсийг мэндэлсний дараа Бетлехем хотод дорно зүгээс зурхайчид Хааны одыг харсан тул тэд, Иерусалимд Түүнд мөргөхөөр ирсэнээ,  Есүсийг Хаан болохыг зөгнөн хэлсэн. 3. Есүсийг мэндэлсэн тэр газар сүргээ манан хоноглож байсан хоньчид дээр Эзэний тэнгэр элч ирж, “Өнөөдөр Давидын хотод Аврагч Эзэн Христ мэндээллээ. Тэжээлийн тэвшинд байх даавуунд өлгийтэй нялх хүүхэд тэмдэг болно” гэж зөгнөсөн. Энэ бүгд Хуучин Гэрээнд зөгнөгдөн бичигдсэн.

            Есүсийн төрөлт бол гайхамшиг. Тэрээр Ариун Сүнсээр жирэмслэн, онгон эмэгтэйгээс төрсөн. Есүс онгон эмэгтэйгээс төрсөн гэдэг итгэгч бус хүмүүсээс өнөөг хүртэл шүүмжлэлд хүртсээр ирсэн Библийн сэдэв мөн. Гэвч Есүс онгон эмэгтэйгээс төрөх ёстой шалтгаан бий. Үүнд:

1. Есүс онгон эмэгтэйгээс төрсөн гэдэг нь Аврал Бурханаас эхлэлтэй гэдгийг харуулж буй хэрэг. Хүмүүсийн гэм нүглийг уучлан, тэднийг аврах нь энгийн нэг хүний чармайлтаар бус Бурханы хүч чадлаар л боломжтой. Есүсийн онгон эмэгтэйгээс мэндэлсэн нь Аврал хүний хүчин чармайлтаас хамаарах зүйл бус, Бурхан Эзэний хүч чадлаар бүрэн биелэгдэнэ гэдгийг тодорхойлж өгсөн. Бидний Авралын эхлэл Бурханы ер бусын хүч чадлаас эхлэлтэй.

2. Есүс онгон эмэгтэйгээс мэндэлсэн нь Есүс Христ жинхэнэ хүн төдийгүй Бурхан гэдгийг харуулж байна. Хүнлэг хийгээд сүнслэг чанарыг өөртөө агуулсан Христийг, эмэгтэй хүнээс,  хүний аргаар төрүүлж төгс хүн төрхтэй, Ариун Сүнсний чадвараар төгс Бурхан болгосон нь Бурханы мэргэн ухаан.

3. Есүс онгон эмэгтэйгээс мэндэлсэн нь гэм нүгэлгүй төгс хүн байх боломжтой болгосон. Хүн төрөхлтөн бүх хуулийн дор гэмийн хариуцлага, ёс суртахууны завхралыг өвөг эцэг анхны хүн Адамаас өвлөн авсан. Харин Есүс Христ махан биеийн эцэггүй гэх үнэн нь Адамын удмын бус гэсэн утгатай. Мөн Ариун Сүнсээр ээж болох Мариагийн гэмийн үндэс  үгүй болж, Лук 1:25 –д бичсэнчлэн, Бурханы хүч чадлаар “Ариун Нэгэн” мэндэлсэн юм.

             Есүс Христ ирсэндээ гол нь биш, яагаад ирсэн бэ гэдэг нь чухал, гол асуудал юм. Есүс энэ дэлхий дээр – жинхэнэ Бурханыг мэдүүлж, таниулахаар, –  үнэнийг заахаар, – хуулийг биелүүлэхээр, – Бурханы хаанчлалыг илэрхийлэхээр, – хайрыг илэрхийлэхээр, – амар тайвныг авчирхаар, – өвчтөнийг эмчилэхээр, хүмүүсийг сатан муу ёрын сүнснээс чөлөөлөхөөр, сатаныг мөнхөд устагхаар ирсэн.        

Энэ бүгд Түүний  ирсэн хоёр дахь шалтгаан байсан.  Христийн ирсэн хамгийн гол шалтгаан, төлөвлөгөө, зорилго нь:  Есүс зовохын тулд, үхэхийн тулд ирсэн юм. Есүс өлгийтэй жаахан байхаасаа эхлээд аймшигт загалмай хүртэл Түүний зорилго “Үхэл” байсан. Энэ бүгд тохиолдох мөн үхэх тэр л бяцхан хүүхэд, хүн бол Христ байсан. Тэр үхлийн төлөө л амьдарч, үхлийн төлөө бүтээгдсэн.

             Тэр бяцхан бие, гар, хөл Мариягийн хэвлийд Ариун Сүнсээр бүрэлдэж, нэгэн өдөр уулын орой уруу алхаж, загалмай дээр хадаасаар хадуулахын тулд, тэр гялалзсан нүд, сайхан царай, толгой няцлагдахын тулд өргөст титэм өмсөгхийн тулд бий болсон юм. Хүүхдийн энхрий хөөрхөн бяцхан бие, Түүнийг ороосон дулаахан зөөлөн өлгий нэгэн өдөр урагдаж, цууран, жадлагдан эмзэглэх зүрх, бие болохын төлөө Есүс Христ үхлийн төлөө малын хашаанд, тэжээлийн тэвшинд дээр төрсөн юм.   

            Есүс Назар хэмээх хэний ч анзаархааргүй жижигхэн хотод төрсөн, эгэл жирийн даруухнаар амьдарч, мужаан хийж, энгийн загасчдыг Өөрийн дагалдагч болгосон. Түүний хэлсэн Үг бүр Түүхийн Үнэн байсан. Хэлсэн үг бүр нь Зөгнөл болон биелэгдэж, үнэн гэдгээ баталсан. Тэр өвчтэй хүнийг эдгээж, үхлээс амилуулж, муу ёрын сүнсийг хөөн зайлуулж, шуурга аянгыг намдааж, амар тайван, итгэл найдварыг өгдөг байсан.

     4. Есүсийн цовдлолт.

Лук 23:33 “Тэд гавал хэмээх газар хүрч ирээд, тэнд Түүнийг гэмт хэрэгтнүүдийн хамт, нэгийг нь баруун талд, нөгөөг нь зүүн талд нь цовдлов”.

            Есүс урьд өмнө нь хэн ч хэзээ ч эдэлж амсаж байгаагүй тийм зовлонг ганцаар эдэлсэн. Модон загалмайд хадуулсан хүн 2-3 хоногт амьдаараа тарчилж үхдэг байхад яагаад Есүс зургаахан цагийн дотор нас барсан юм бол? Учир нь тэр цовдлуулах газар хүртлээ зодуулж,  цус алдаж, доройтсон, тамир тэнхээгээ бүр мөсөн алдсан байсан юм. Бурхан гэмт хүмүүсийн үхэл эсвэл золиосны хүний үхлийг шаардаж байсан. Есүс гэмт бидний өмнөөс амиа өгөх золиосны хүн байсан. Иерусалимаас Голгот хүртэл зам, толгойдох өргөст мөчрөн титэм, цэргүүдийн балмад харьцаа, чи өөрийгөө авар гэсэн доромжлол байвч Тэр биднийг гэсэн Хайраар Өөрийгөө загалмай дээр хүлж байсан. Энэ үед Габриел болон ер бусын элч нар тэнгэрийн хаяа хязгааргүй орчлонд нисэлдэж сэлмээ сугалан байсан. Христийн ганц харц, үг л тэдэнд буцалтгүй тушаал болох байсан боловч гэмт, олон түмнийг мөнхийн зовлонд илгээхээс Тэр татгалзсан учир Өөрөө золиос болсон юм. Тэр амьсгал хураах цагаа Өөрөө сонгосон.  Тэр Өөрийнхөө амиар бидэнд Авралыг өгсөн юм.

       5. Ертөнцийн төлөөх Бурханы хайр.

Иохан 3:16 “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин Мөнх амьтай болох болно”.

            Бурхан бол хайр. Тэр дээд, доод анги давхрагын баян ядуу, хар цагаан, гэлгүй бүх хүмүүст хайртай. Тэр бидэнд үнэхээр их хайртай учраас биднийг аврахын тулд цорын ганц Хүүгээ өгсөн. Христ бол хамгийн дээд бэлэг. Бурхан хэнийг ч мөхүүлэхийг хүсдэггүй, хүн бүрд аврагдах боломжийг өгөхийн тулд Өөрийн Хүү Есүс Христийг өгсөн. Гэхдээ хүн зөвхөн итгэлээр энэхүү Аврал буюу Мөнх амийг хүлээж авна. Харин итгэхгүй бол мөхөх болно. Мөхөх гэдэг нь Бурханаас тусгаарлагдах буюу Тамд мөнхөд зовон тэнд уйлж шүдээ хавирах болно.

            Хүмүүст 2 л зам бий. Нэг нь амь уруу хөтөлдөг, нөгөө нь сүйрэлд хүргэдэг. Тиймээс хүмүүсийн зам нь хоёр л янзаар төгсдөг. Нэг нь мөнх амийг хүлээж авах, нөгөө нь мөхөх юм. Христ бидэнд зөв замыг буюу мөнх аминд хүрэх замыг харуулахаар ирсэн. Христ бол Зам, Үнэн, Амь мөн.

            Дүгнэлт: Та хэрвээ энэ бүгдийг уншаад Есүс Христийг Аврагч хэмээн хүлээн авахыг хүсч байгаа бол – гэм нүглээ гэмшиж, – Есүс Христ бол миний Аврагч гэсэн шийдвэрээ гаргаж, – Авралын залбирлыг хийгээрэй.

Авралын залбирал: Эзэн минь Танд талархья. Таныг урьд нь мэдээгүй явсныхаа төлөө мөн өөрийнхөө хийсэн гэм нүглийг гэмшиж байна. Та уучлаач. Есүс Христ Таныг миний Аврагч гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ өдрөөс эхлэн Та миний амьдралыг удирдаач, Өөрийнхөө хүүхэд болгон аваач. Энэ бүгдийг Есүс Христийн нэрээр гуйн залбирлаа.  

            Та Авралыг авснаар Бурханы хүүхэд болно, муу сүнсний хүчийг таслах эрх мэдэлтэй болно,  тэнгэр улсын иргэн болно, гэм нүгэл чинь уучлагдах болно.

            Та Есүс Христийг Аврагч хэмээн амаараа тунхаглаж, зүрхэндээ хүлээн авч, итгэлээ тунхаглаарай. Өнөөдөр та Авралыг авах болно. Маргааш юу болохыг бид үл мэднэ.

            Христмас баярыг та зүгээр бүү тэмдэглээрэй. Энэ баярын утга учрыг санан дурсаж, гүнээ ёслож, босон хүндэтгэлийг өргөөрэй.  Бидэнд Авралыг өгсөн Христ Бурханд алдар, хүндэтгэл, магтаал нь үеэс үеэд байх болтугай. Амен.

                                                                          Пастор П. Уранбилэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: