Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Түүх

Posted by sorkhug on Нэг дүгээр сар 4, 2011

                                                                       Христийн түүхэн дэхь суут хүмүүс

                                                                                  5.Гэгээн Францеско   

                                                                           (ST.Francesco, 1181-1226)

          Есүс Христийн амьдралыг ягштал даган амьдрах гэж хичээж байсан олон гэгээнтнүүдээс тодорсон нэгэн нь Гэгээн Францеско юм. Түүний агуу их чанарын учир нь шуналгүй ариун амьдралд байдаг. Тэрээр зөвхөн Христийг олохын тулд энэ дэлхийн баялаг, нэр хүнд, эрх  мэдэл, эд хөрөнгө зэрэгт өчүүхэн ч шунаагүй. Энэхүү түүний амьдрал одоо ч бүх хүмүүст ариун амьдралын үлгэр дууриалал болсоор байна.

            Францеско 1181 эсвэл 1182 онд Италийн Ассиси (Assisi) хотод мэндлэв. Түүний аав Пиетро (Pietro di Bernardone) наймаачин байв. Тэр бусад европын орнуудаас сайн чанартай барааг оруулж ирж, худалдаалж маш их ашиг олдог байв. Түүний ээж Пика (Pica) Франц гаралтай, итгэгч хүн байсан. Францеско залуудаа эрдэм номд болон аавынхаа бизнест сонирхолгүй, зугаа цэнгэлийг хөөцөлддөг нэгэн байжээ. 1201 онд Ассиси, Перужиа (Perugia) хотын хооронд болсон мөргөлдөөнд Ассиси хотын төлөө сайн дурын цэрэгт явж олзлогдов. Тэр шоронд хоригдоод 1 жилийн дараа суллагдсан. Сүүлд 1205 онд өөр дайнд дахиж оролцох гэж бэлтгэл хийх үед түүний зүрх сэтгэл өөрчлөгдсөн юм.

            Францеско дайнд оролцохын өмнө, замдаа нэгэн уяман өвчтөнтэй тааралджээ. Тэр дотроо “Ямар муухай хүн бэ?” гэж бодож байтал гэнэт түүнд “Эзэн түүний дотор ч ажиллаж байгаа биш үү” гэсэн бодол түүнийг эзэмдэснээс болоод тэр уяман өвчтөнүүдийг үнэн сэтгэлээсээ өрөвдөж энэрэх болсон гэдэг. Үүний дараа тэр дайнд явахаа болж уяман өвчтнүүдийг асрах ажлыг хийх болжээ.

            Түүнд нэгэн удаа Ромын хотын Ариун дурсгалт газруудаар аялалд явах завшаан олджээ. Аялалын хугацаанд Францеско,  “ялзарч доройтсон сүмүүдийг сэргээгтүн” гэсэн Эзэний дуу хоолойг сонсжээ. Энэ үгийг “Сүмийг засварла” гэсэн утгаар олгосон Францеско тэр даруй нутагтаа буцаж ирээд Ассиси хотын ойролцоо оршдог Гэгээн Дамины сүм (St.Damian) – ээс эхлэн засварлахаар шийдэв. Мөнгөгүй байсан тэр аавынхаа дэлгүүрээс хэдэн үнэтэй хувцсыг зараад мөнгийг нь сүмд хандивлав. Хүүгийнхээ энэхүү санаандгүй үйлдэлд гайхсан аав эхэндээ загнаж хүчээр болиулах гэсэн боловч хүү Францескогийн шийдвэрийг болиулж чадаагүй юм. Аргаа барсан аав нь эцэстээ түүнийг шашны шүүхэд өгчээ. Ингээд хамбын өмнө зогссон Францеско бүх хувцсаа тайлан аавынхаа өмнө тавьж, зөвхөн тэнгэр Эцэг л миний Эцэг гэж олны өмнө тунхаглав.

            Францеско Гэгээн Дамианы сүмээс гадна хоёр сүмийг засварлав. Түүний дараа 1208 оны 2 –р сарын 24 –ны өдөр Ассиси хотын дэргэд Портиункла  (Portiuncla) сүмд мөргөл үйлдэж байх үед уншсан Матай 10:7-14 зарлиг түүний сэтгэлийг бүрэн эзэмдэв.  “Та нар явахдаа тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж тунхаглагтун. Өвчтнийг эдгээ… Уяман өвчтнг цэвэрлэ…Бүсэндээ алт ч, мөнгө ч, зэс ч гэсэн авч явж болохгүй. Аяны богц ч, хос дээл ч, гутал ч, таяг ч гэсэн бүү ав. Учир нь ажилчин нь хоол хүнсээр хангагдах нь зохистой”.

            Энэ зарлиг түүний амьдралын зарчим болсон бөгөөд тэрээр энэ зарлигийн дагуу тэр бүх насаараа амьдарсан юм.

            1209 онд тэр 11 шавиа дагуулан Ромын Пап, II Иннокентиус (Innocentius III, 1161-1261) –т бараалхаад “Шуналгүй ариун амьдрал” –ыг зарчим болгосон “Бяцхан ах дүүсийн цуглаан” (Friars Minar) –г байгуулах тухай зөвшөөрлийг гаргуулан авсан юм. Францеско дагалдагч нартайгаа хамт Сайн Мэдээг түгээхийн зэрэгцээ өвчтнүүдийг асардаг байв. Тэд ноёд, язгууртнаас илүү ядарч зовсон өвчтөн, үгээгүй ядуучууд болон хөдөөний тариачдад Сайн Мэдээг түгээсэн. Тэд ажлынхаа хөлсийг авах гэж зүгтэдэггүй, идэх хоол, хонох байраар хангагдвал түүнээс илүү ихийг авах гэж шунадаггүй байв.

            Есүсийн цуглааны түүхийг судалсан нэрт эрдэмтэн Филип Шафф нь Францескотой нэгэн үед ажиллаж байсан Доминикустай харьцуулан доорх дүгнэлтийг хийжээ.

            Францеско эелдэг зөөлөн, харин Доминикус хүйтэн хатуу, мөн Францеско хайраараа хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж байсан бол Доминикус хатуу дүрэм журмаар хүмүүсийг номхотгодог байв. Францеско ариун амьдрал болон сүнслэг зан чанараар Сайн Мэдээ дэлгэрүүлж байсан бол Доминикус эрдэм мэдлэг “ягштал номлол” –оор харь үндэстэн болон өөр шашинтнуудыг дарах гэж байв. Энэ хоёрын ажил үйлс эсрэг үр дүнд хүрчээ. Эцэст нь Францеско Мисир (Египет) –ын хаан Султантай ч харилцаа тогтоож чадсан бол харин Доминикус Ромын Папын эрх мэдэлд түшиглэн ажиллаж байгаад сүүлдээ олон тооны харгис шашны шүүгчдийг төрүүлжээ.

            Францеско нь Бурхан болон хүн, байгалийг сэдэвлэн олон яруу сайхан шүлгүүдийг зохиосон гарамгай яруу найрагч байв. Түүний зохиосон “Нарны магтаал” хэмээх алдартай шүлгийн нэг хэсгийг танилцуулья.

            Хамгийн эрхэм, төгс хүчит, туйлын сайн Бурхан

            Хүндэтгэл болон сүр алдар, магтаал ерөөл

            Хамгийн дээд Танд л зохистой.

            Хүмүүнээс хэн Тантай зэрэгцэн зогсож чадах билээ?

      Тандаа магтаалыг өргөе! Эзэн минь ээ.

      Таны бүтээлүүдээс нар юутай эрхэм!

      Та түүгээр бидэнд гэрлээ хайрладаг

      Тэр нүд гялбам үзэсгэлэнтэй шүү

Тандаа магтаалыг өргөе! Эзэн минь ээ.

Таны бүтээлүүдээс сар болон одод юутай эрхэм!

Таны бүтээсэн огторгуйд сайхан гялалзаж байна

      Тандаа магтаалыг өргөе! Эзэн минь ээ.

      Таны бүтээлүүдээс ус юутай эрхэм!

      Тэр маш хүртэмжтэй, даруухан, хайрламаар, томоотой.

            Францеско амьдралынхаа сүүлийн үед бие нь маш муудаж, бараг хараагүй болжээ. Ялангуяа түүний гар болон хавирганд Есүсийн сорви буюу “Ариун мөр” гарсанд хүмүүс хараад гайхжээ. Үүнийг харсан хүн бүхэн түүнийг сэтгэл болон мах бодиороо Есүсийг дууриасан хүн хэмээн биширчгээжээ.

            Францеско 1226 оны 10 сарын 3 –ын өдөр Ассиси хотод нас баржээ. Тэрээр амьсгал хураах үедээ шавь нартаа шуналгүй ариун амьдралыг хайрлантун гэсэн гэрээслэлийг үлдээжээ.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: