Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Түүх

Posted by sorkhug on Хоёр дугаар сар 24, 2011

                                                              Христийн түүхэн дэхь суут хүмүүс

                                                                              6. Мартин Лютер   

                                                                      (Martin Luther, 1484-1546)

            Лютер 1484 оны 11 сарын 10 –ны өдөр Германы Айслебен хотод мэндэлжээ. Тэр төрснийхөө маргааш Гэгээн Мартины өдөр баптизм хүртсэн тул Мартин гэж нэрлэгдэх болов. Түүний аав Ханс Лютер жирийн нэг уурхайчнаар ажил эхэлсэн хэдий ч яваандаа тушаал нь дэвшиж үйлдвэрийн дарга болжээ. Лютерийн аав ээж хоёр эгэл даруу амьдралаар амьдарсан нь хүүхэд Лютерт асар их нөлөөлжээ. Лютер багадаа хатуу хүмүүжлээр өсчээ. Тэрээр хэл зүйн болон учир шалтгааны ухаан, яруу илтгэх зүйг голлон хичээллэдэг байв. Харин Лютер хичээлд сайн хүүхэд биш байсан тул их зодуулдаг байж. Тэр 14 нас хүрээд Магдебүрг (Magdeburg) – ын “Ах дүүсийн Нийгэмлэг” – т элсэн орсон байна. Тэнд байх хугацаанд тэр ариун сүсэгт амьдралыг суралцжээ. 

            1501 онд Ерфурт (Erfurt) – ын Их Сургуульд элсэн орж 1505 онд Утга зохиолын баклавар зэргээр төгсөж, тус сургуулийн Хууль зүйн дээд сургуульд дахин сурах болов.  Гэтэл тэр жил сургууль уруу явах замдаа Штоттеренхайм (Stotternheim) хэмээх тосгоны ойролцоо аймшигт шуургатай тааралдав. Тэр үхлийн айдаст баригдан “Гэгээн Анна, намайг авраач! Би шашны номлогч болно” гэж хашгирчээ. Тэр үед хүмүүс Гэгээн Аннаг уурхайчдын сахиус, осолд орсон хүмүүсийн аврагч хэмээн шүтдэг байжээ. Энэ үйл явдал болж өнгөрсний дараа Лютер сургуулиа орхиж, Католик шашны сургуульд оржээ. Гэхдээ түүний зорилго нь номлол, сургаал заахын тулд биш, хайраар дүүрэн энэрэнгүй Бурханыг эрэлхийлэхэд байжээ.

            1507 онд сахил хүртэж, Гэгээн Августиний сүмд Анхны Массыг (Mass- Католик шашны мөргөл) удирдав. Удалгүй тэр бясалгалын сүмийн асуудлаар Ромын Пап-д бараалхах болов. Тэр үед Лютер өөрийн дотоод сэтгэлийн асуудал буюу айдас түгшүүрээс бүрэн ангижрахыг хүсчээ. Иймээс тэр үхэгсдийн хойноос залбираад сүнсийг нь авардаг гэж шүтдэг байсан “Ариун шат” –аар гарахдаа, алхам бүрт Эзэний залбирлыг цээжилж гарч байв.

            Тэр Ромын олон газруудаар явахад тоо томшгүй, сүсэггүй, бузар үйлсийг хараад улмаар түүний дотоод сэтгэлийн зовиур, айдас, түгшүүр нь илүү их нэмэгджээ. Тэр үед Лютер “Там байгаа гэвэл тэр нь Ром хот дээр байгуулагдсан байх” гэж хэлсэн үгийг санасан гэдэг.

            Тэрээр зовиурь, айдсын дунд ч эрдэм номд мэрийсээр 1512 онд буюу 28 настайдаа Бурхан судлалаар доктор зэрэг хамгаалав. Дараа жил тэр Виттенберг (Wittenberg) – ын Их Сургуульд үндсэн багшаар томилогдов. Тэр 1513-1515 онд Дуулал, 1516 онд Ром, 1516-1517 онд Галат, 1517-1518 онд Еврей номуудаар лекц уншиж байв. Энэхүү түүний лекцийн гол сэдэв нь “Яавал хүн Бурханы өмнө зөвтгөгдөх вэ?”  гэдэг сэдэв байлаа.

            Тэр урьд нь бүх эрдэмтдийн тайлбарын дагуу “Бурханы зөв” гэдэг үгийн утгыг “Бурхан зөвтгөгдөж, гэмтнүүд шийтгэгдэнэ” гэж ойлгодог байв. Гэтэл тэр Ром номыг уншиж, зааж байгаад, 1:17 зүйл, “Бурханы хүртээх зөвт байдал нь Сайн Мэдээний дотор илчлэгдсэн бөгөөд итгэлээс итгэлд хүрдэг. Учир нь “Зөвт хүн итгэлээр амьдрана” гэж бичигдсэн байдаг, гэсэн энэ зарлигаар дамжуулан хүн зөвхөн “Итгэл” –ээр зөвтгөгдөнө гэсэн үнэнийг олж ухаарсан юм. Тэр мөн Бурхан нь биднийг шийтгэх гэж байгаа аймшигтай Бурхан биш, Аврах гэж байгаа энэрэнгүй Бурхан гэдгийг ч ойлгов. Лютер энэ л үед “Сүнсээр дахин төрсөн” юм. Мөн түүнд байсан айдас үгүй болж, Тэнгэрийн хаанчлалын баяр хөөрийг мэдрэх болсон.

            Хүн зөвхөн итгэлээр зөвтгөгдөх учраас тэр үед Ромын Папын тараан өгч байсан “Гэмийг хэлтрүүлэх бичиг” бол Библи, Бурханы сургаалын эсрэг зүйл байжээ. Энэ бичгийг тэр үеийн хүмүүс зөвхөн өөрийн гэм төдийгүй нас барсан гэрийнхний гэмийг хүртэл хэлтрүүлэх хүчтэй гэж итгэцгээж байжээ.

            1517 оны 10 сарын 31 –ний өдөр Лютер бид ямар нэг бичгийг худалдаж авснаар аврагдахгүй, зөвхөн Бурханы хайр ивээлээр л Аврагдана. Тэр “Гэмийг хэлтрүүлэх бичиг авснаар биш зөвхөн итгэлээр аврагдана” гэсэн агуулгатай, Ромын Папыг шүүмжилсэн “95 сэдэв” – тэй бичгийг Виттенберг хотын Хэрмийн сүмийн үүдэнд хаджээ. Энэ бичгээс болоод Лютер Ромын Папын эрх мэдлийн эсрэг бүдүүлгээр халдсан учир “Буруу номтон” хэмээгджээ.

            Ромын Пап 1520 оны 6 сарын 15 –ны өдрийн тогтоолоор “Лютерийн гаргасан 95 сэдвээс 41 нь буруу үзэл шингэсэн, алдаа ихтэй, хүмүүсийг мухар сүсэгт татсан зүйл байна” хэмээн эрс буруу шаав. Үүнээс болж Лютер 1521 онд Воромц хотод Герман улсын хааны өмнө шүүгдэх болов. Лютер юу гэж хариулахаас шалтгаалан түүний хувь заяа шийдэгдэх болов. Хаан болон олон феодалуудын өмнө зогсоод өчиг өгөх ёстой Лютер имээж байсан боловч тэдэнтэй тохиролцох юм уу, харилцан буулт хийгээгүй. Тэр амиа үл хайрлан, өөрийн эсрэг сууж байгаа олон эрх мэдэлтнүүдийн өмнө ийн өчсөн юм.

            “Миний сэтгэл Бурханы зарлигт бүрэн эзэмдүүлсэн. Тийм учраас би өөрийн байр сууриа өөрчилж чадахгүй, өөрчлөх        

            хүсэлч огт байхгүй. Учир нь миний ухамсрын эсрэг хийж байгаа зүйл нь аюултай, бас ашиггүй байдаг. Надад өөр зам 

            алга. Би энд зогсож байна. Эзэн минь надад туслаач”! гэжээ.

Энэ үйл явдал болсны дараа хаан Лютерийг баривчлах тухай зарлиг буулгав. Хаан,  “Лютерийг гэртээ бүү оруул, түүнд идэж уух юм бүү өг, түүнийг бүү нуу, хэн ч түүнд туслан дэмжиж болохгүй. Түүнийг хаанаас ч барьсан нааш авчир”.

            Баривчилгаанаас болоод тэр Вартбүрг (Wartburg) хотод нуугджээ. Лютер тэнд байх хугацаандаа “Шинэ Гэрээг” Герман хэлнээ хөрвүүлэв. Иймээс зарим хүмүүс энэ Библийг “9 сарын Библи” гэж нэрлэв. Харин “Хуучин Гэрээ” –г Герман хэлнээ бүрэн орчуулж дуустал 12 жил зарцуулсан юм.

            1524 онд тэр сахилаа буцааж 1525 онд Катарина Фон Бора гэдэг эмэгтэйтэй гэрлэжээ.  Лютер 1546 онд 63 настайдаа энэ дэлхийгээс халин одсон юм. Түүний залгамжлагч Филип Меланхитон “Аяа, тэрэгчин явчихлаа. Израилийн тэрэг алга боллоо” гэж түүний үхэлд харамсан хэлж байсан.

            Лютер нь тухайн нийгэмд, түүхийн урт хугацааны явцад өөрчлөгдсөн, Авралын буруу үзлийг өөрчилж, тэр “Итгэлээр Аврагдана” гэсэн үнэн итгэлийг Есүс Христийн дотор дахин сэргээж өгсөн, “Агуу Шинэчлэгч” юм аа.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: